Ширмэл ширдэг

Ширмэл ширдэг: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. 

  • Холбогдох он цаг: Хүннүгийн үе МЭӨ III-МЭ I зуун 
  • Хэмжээ: 265х60 см
  • Тоо ширхэг: 1 
  • Материал: эсгий, торго, ноосон утас 
  • Шинж байдал: Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Ноён уулны 6-р булшнаас 1924 онд олдсон. Эсгийгээр эх биеийг хийж, торго, даавуугаар өнгөлсөн. Хар хүрэн торгоор хөвөөг эмжсэн бөгөөд зээг тавьж ургамал амьтан, үүлэн хээ зэргийг дүрсэлсэн. 
  • Тодорхойлолт: Энэхүү ширдэгийн эх бие нь эсгийгээр хийгдсэн. Эсгийг улаан торгоор бүрж, ногоон, улбар шар хээтэй хар хүрэн торгоор эмжсэн. Эмжээрийн дотор талд эргэн тойрон 24-28 см хэсэг зурвасыг ханалан ширж түүн дээр ургаа модны дүрсийг ноосон утсаар төвийлгөн шигүү ширсэн. Мод тус бүрийн хооронд хос хосоор ноцолдож буй амьтдын дүрсийг өнгийн утсаар төвийлгөж ширсэн. 
  • Товч түүх: Энэхүү ширдэг Хүннүгийн 6-р булшны дотоод гадаад хашлагын хоорондох нэг гудамны шалыг бүхэлд нь бүтээж байсан бололтой. Уг ширдэг анх олдохдоо 2.6х1.95м хэмжээтэй байсан бөгөөд ширдэгний тал хэсгийг ОХУ-ын Эрмитажид, нөгөө хэсгийг Монголын Үндэсний музейд хадгалж байна.